Аглаг Бүтээлийн Хийд

 Улаанбаатраас 100 орчим км-т Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Аглаг бүтээлийн хийдийг бурханч лам Г.Пүрэвбат шавь нарын хамт бүтээжээ. Сүм хүрэхийн өмнө ирсэн зочдыг асар хаалга угтах агаад хажууханд нь язгуурын гурван бурхны суваргыг залсан байв. Хаалгаар дотогш нэвтрэхийн тулд том хүн 3000, хүүхэд 1000, гадаадын хүн 10000 төгрөг төлж цааш сүмийн бэл хүртэл машинаар явах боломжтой хэмээн харуул хэлж байлаа. Гэсэн ч машинаа хаалганы дэргэд орхин цааш явган аялсан юм. Алсаас бараа нь сүрдэм хийдийн байгалийн үзэсгэлэн хараа булаана. Аглаг бүтээлийн хийд орших уулын бэлд ирсэн гийчдийг тусгайлан засч тохижуулсан булаг угтана. Тэрхүү булаг нь ходоод гэдсэнд сайн бөгөөд уул өөд өгсч, уруудаж байгаа хүмүүсийн хувьд хамгийн хэрэгтэй зүйл болж байлаа. Халуун өдөр сүм рүү хүрэх нь тийм ч амар биш. Учир нь зорьсон газар хүрэхэд нэлээд өгсүүр бөгөөд хөл муутай, настай хүмүүсийн хувьд амаргүй даваа. Харин адал явдалд дуртай нэгнийх нь хувьд хүсэмжит газар ажээ. Газар нутгийн хувьд Дорноговь аймгийн Сайншанд хотоос урагч 45 км-т байрлах Хамрын хийдийн Хүслийн хар уултай адилхан тогтоцтой юм шиг санагдаж байв. Аглаг бүтээлийн сүмийг “Далын ам”- ны хоймор хэсэгт барьсан бөгөөд анх барих гэж байхад нь хийдийн буурин дээр нь хоёр том бул чулуу байжээ. Түүнийг бурханч лам хагалж авахаар шийдээд, ажлаа эхэлж байтал гэнэт түймэр гарсан байна. Тэр шөнө нь Г.Пүрэвбат лам зүүдэндээ тус чулууг харж, байрнаас нь хөдөлгөж болохгүй юм байна гэдгийг ойлгожээ. Улмаар чулууг хагалж авахын оронд засч, дээр нь маанийн зургаан үсэг монгол бичгээр сийлсэн нь өдгөө хийд дотор нь орших аж. Тиймээс хийдийн нэг давхар дахь диваажингийн орны бурхад дунд ургаа чулуу байх нь их өвөрмөц харагдаж байсан юм. Харин нөгөө чулуу нь хийдийн яг үүдэнд байрлах бөгөөд байгаа хэлбэрийг нь янзалж засахад арслан биетэй, хангарьд толгойтой амьтны дүрс гарчээ. Тиймээс хоёр хүчирхэг амьтны нэгдэл болсон тус байгалийн бүтээл хийдийг манаж байгаагаар бэлгэдсэн байна. Хамгийн сонирхолтой нь тэрхүү чулууны дор хэвлий мэт хөндий сул зай байх агаад дотор нь бөөрөнхий хэлбэртэй чулуу хийсэн нь яг л өндгөө дарсан эх амьтан шиг харагдаж байв. Энэ мэт содон, сонин хэлбэртэй чулуу бүрийг байгалийн бүтээл болгон зассан нь цаанаа л нэг учиртай санагдсан. Хийдийн зүүнтээ загасан толгойтой, халиу биетэй хөшөө байх аж. Энэ хоёр амьтан хоорондоо их нийцгүй амьтан бөгөөд хоорондоо зохицдоггүй амьтдыг зохицуулж тавьсан нь сайныг бэлгэддэг хэмээн бурханч лам үзсэн байна.

IMG_9310 IMG_9317 IMG_9336 IMG_9341 IMG_9343

Leave a comment